Нийгэм Нийтлэл

Б.БОЛОРОО: Таны хариулт надад хангалтгүй байна

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрх гунигтай. Ядарсан иргэд нь төрийн төмөр нүүрийг үзэж, бадарсан ноёд нь зөөлөн сандалд тухалж цонхны цаанаас амьдралыг харна. Энгийн ард түмэн энэ цагийн нийгмийн хатуу, шударга бустай алхам тутамдаа тулгарч ялагдаж явсан уу гэхээс ялж явсан нь цөөхөн болов уу. Энэ нь ч шүүх, цагдаа, төрийн байгууллагын хүнд суртал, хүйтэн хөндий харьцаа, ялгаварлан гадуурхалтай холбоотой биз. Үүний нэг жишээ болж өнөөдөр төв талбайд 11 хоног суусан энгийн нэгэн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой, урам зориг нь болсон Б.Болороо бүсгүй үнэн мөний эрэлд гарч, эрлийнхээ үзүүрийг атгах шиг боллоо.

Энэ хэргийг Монголын ард түмэн ч мэдэх болоод уджээ. Товчхон дурьдахад Б.Болороогийн нөхөр өнгөрсөн  зургадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй юм. “Хишиг арвин индустриал” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан нөхрийнх нь үхлийн шалтгааныг өнөөдрийг хүртэл үнэнээр тогтоож өгөхгүй байгаад гомдож, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж Б.Болороо талбай дээр суулт зарласан билээ. Ядаж хүний ёсоор уучлалт гуйгаагүйд нь гомдож байгаа юм. Яг ийм асуудлаар шүүхийн шинжилгээ болон шүүхийн шийдвэрээр хохирогч нь буруутан болон шийдэгдсэн хэргүүд олон бизээ. Тийм ч учраас нэг гэр бүлийн асуудал биш гэж нийгэмд дуу хоолойгоо хүргэн Б.Болороо бүсгүй тэмцсэн болов уу. Тэрээр энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн нийт 11 дэх хоногтоо суулт зарлаж, шударга ёсны төлөө тэмцсэний эцэст сая л нэг төр засаг харж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар талбайд гарч түүнтэй уулзсан явдал боллоо.

Ядарсан үед хэн нэгний гарыг атгаад цээжийг нь түшээд уйлмаар санагддаг. Яг тийм хүнд үедээ өөр аль ч цагт гаргаагүй нулимсаа Болороо бүсгүй тэсгэл алдан унагахыг бид бүхэн харлаа. Энэ бол мянга мянган энгийн иргэний сэтгэлдээ тээж ирсэн гомдлын нулимс…

Өнөөдөр Болороо бүсгүйтэй Ерөнхий сайд уулзахдаа “Ажлын хэсэг байгуулж, хэргийг задалж, дахин дүгнэлт гаргуулна” гэдгээ мэдэгдсэн. Харин Болороогийн хувьд “Таны хариулт надад хангалтгүй байна. Энэ хэрэг нэг гэр бүлийн хэрэг биш, ард түмэн харж байгаа, ард түмэн та нарыг сонгосон учир хэн нь хүчтэй нь ойлгомжтой” гэж шулуухан хэлээд авлаа. Өнөөдөр Монголын ард түмэн дэндүү даруу, хүлцэнгүй байсныхаа үрийг шударга бус байдлаар амсаж байна гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Тэмцэж, хэлэх үгээ хэлж байж Монголын нийгэмд шударга ёс тогтож үнэн ялдаг болох нь уу.

Ард түмэн шударга ёсыг хайсаар…  Харин Б.Болороо тэмцлийнхээ үр дүнд нөхрийнхөө үхлийн шалтгааныг дахин тодруулж, үнэний мөрөөр явахаар болж байна.

Санал болох мэдээ