Ярилцлага

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг цуцлаад Монгол улс хаашаа явах юм бэ?

Улсын төсөвт АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-өөс  өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгийн орлого ордог. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төсвийн орлого 69.9 тэрбум төгрөгөөр тасарч, 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байна. Тэгвэл АМНАТ-ийн асуудлаар болон Оюутолгойн гэрээний асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын байр суурийг хүргэж байна.  

-АМНАТ-н хууль улсын төсөвт хүндрэл учруулсан гэж Сангийн сайд үзсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд ямарч тохиолдолд МУ-ын хуулийн хүрээнд татвар төлөх ёстой. Дэлхийн нийтийн жишиг энэ. Авсрали улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа баяжуулах үйлдвэрээс нь татвараа авдаг. Сангийн яамны байр суурь бол баяжуулах үйлдвэр дээрээс нь авая гэсэн байр суурьтай байгаа. 2020 онд бид 1,3 их наяд төгрөгийг АМНАТ-аас төвлөрүүлэхээр улсын төсвөө баталчихсан. Би энэ асуудлаар Ч.Хүрэлбаатар сайдтай уулзаж ярилцсан. Миний хувьд үйлдвэрлэлийн бодлого гэж байх ёстой. Үйлдвэрлэлийн бодлого гэдэг маань тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж олборлох талбай, боловсруулах үйлдвэртэй байж болно шүү дээ. Үүний зааг ялгааг сайн гаргаж өгөх талаар санал солилцсон. Улсын төсөв баталчихсан учраас Засгийн газар нэгдсэн байр суурин дээр байхаас өөр аргагүй. Сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01-ний хооронд Үндсэн хуулинд бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт орно. Энэ дээр бид АМНАТ –ын тухай хууль, Эрдэс баялгын салбарын хуулийн давхардал, хийдэл, Төрийн бодлогын тухай хууль, Үйлдвэр технологийн паркын тухай хууль гээд олон хуулиудын уялдаа холбоог хангасан. Ер нь бол татварын систем, үйлдвэрлэлийн процессыг дэмжих цаг болсон.  Зөвхөн АМНАТ-ыг төлөх төлөхгүй, татварыг нэмнэ нэмэхгүй гэхийн оронд ер нь Монгол улс үйлдвэрлэлийг яаж дэмжих юм бэ. Ажлын байр яаж нэмэгдүүлэх юм бэ… Дээрээс нь үйлдвэрлэл дагуулж ажлын байрыг яаж нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой.  Тиймээс 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01-ний хооронд Үндсэн хуулийн дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахдаа засах ёстой юмнуудаа засаад явна.

-АМНАТ-ийн өөрчлөлтийг та дэмжиж байгаа юм уу?

-АМНАТ гэдэг чинь ерөөсөө олборлож байгаа компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани гарч ирсэн тохиолдолд төлдөг зүйл шүү дээ… Дэлхий нийтийн жишиг. Энэ асуудал дээр Сангийн яамтай яагаад зөрчилсөн бэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшээгүй, зөвхөн баяжуулах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс АМНАТ авах нь зохимжгүй юм гэж бид үзсэн. Нэгэнт төсвөө баталчихсан. Төсвөө батлахдаа олборлож байгаа баяжуулж байгаа үйлдвэрийн аль алинаас АМНАТ авна гэж баталсан.

-Танд Сангийн сайдтай ойлголцохгүй зүйл байгаа юу… ?

-Ойлголцохгүй зүйл байхгүй. Би бол ашигт малтмалын ашиглалтын бодлого хариуцсан сайд, Ч.Хүрэлбаатар бол татварын бодлого хариуцаж байгаа сайд. Энэ хоёрын хоорондын бага зэрэг зөрүүтэй асуудал байгаа. Тэрнээс өөрөөр дэвэргээд байх зүйл байхгүй.

-Монгол улс Оюутолгойн гэрээг цуцлах ёстой юу..Энэ тал дээр таны байр суурь?

– Оюунтолгойн гэрээг цуцлаад Монгол улс хаашаа явах юм. Монгол улсад хөрөнгө оруулсан дэлхийн олон байгууллагыг бүгдийг нь хөөгөөд гаргах уу? Яаж Монгол улс явах юм бэ? Яаж Монгол улс хаашаа явах юм. Өнөөдөр бид нар 100 гаруй жил гуравдагч хөршийн бодлого гэж Монгол улсын тусгаар тогтнолын төлөө цусаараа, амь бие, нас, хөлсөөрөө тэмцсэн ард түмнийхээ тэмцлийг энэ чинь дандаа гуравдагч хөршийн бодлого биз дээ тийм биз. Нэг талдаа 70 жил хойд хөршид 95 хувийн эдийн засаг явж ирлээ. Одоо бараг 90 хувийн эдийн засаг урд талд явж байна. Тэгээд одоо гадаад дотоодод очих болгондоо Япон, Солонгос, Англи, Америк тэ дэлхийн бүх улсуудад очихдоо бид нар гуравдагч хөршийн бодлогыг барьж тэднээс урт хугацааны зээлийн эх үүсвэр, боловсон хүчний бодлого тэндээс техник технологи авах талаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид нар бүтэн ярьж ирлээ шүү дээ. Тэгээд дээрээс нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк гээд олон банк санхүүгийн байгууллагууд өнөөдөр нэгдээд Монгол улсад хөрөнгө оруулсан байхад нь гуравдагч хөршийн бодлоготойгоо нийлүүлээд ахиад дээрээс нь манайхыг дэмждэг тусалдаг бүх улсуудыг паккежлэж байгаад хөөгөөд гаргачих юм уу?

-Хэлэлцээрийн ширээний ард суух ёстой уу?

-Шаардлагатай. Дубайн гэрээг бид зөвшөөрөөгүй. Дубайн гэрээг сайн болчихсон гэж үзэхгүй байна. Тиймээс улам сайжруулах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангах засаж залруулах Монгол улсдаа ашигтай байдлаар явах гэсэн шаардлага тавьж байгаа. Нөгөө талтайгаа ч гэсэн ойлгоцлож урт хугацаанд тогтвортой явах бодлого барьж байна.

Санал болох мэдээ