Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ гэж хэн бэ?

Сүга Ёшихидэ Японы шинэ Ерөнхий сайд болох нь аль хэдийнэ батлагдчихаад байгаа билээ. Тэрбээр нэр дэвших батламжаа өнөөдөр буюу 9 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт Японы Парламентын ээлжит бус чуулганы үеэр гардан авна.

Японы 63 дахь Ерөнхий сайдаар Абэ Шинзо ажиллаж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч байгаагаа 8 дугаар сарын 28-нд албан ёсоор мэдэгдсэн. Ингээд Абэ Шинзогийн халааг залгамжлан авч буй Сүга Ёшихидэ гэж чухам ямар намтар түүхтэй хүн болохыг өгүүлье.

Сүга Ёшихидэ нь 1948 оны 12 дугаар сарын 6-нд хуучнаар Акита мужийн Огачи тосгон, одоогийн Юзава хотод тариачны гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Сүга Васабүро нь Дэлхийн II дайны сүүлчээр Манжуурт эзлэгдсэн байсан ба Өмнөд Манжуурийн Төмөр замын нэгэн жижиг компанид ажиллаж байжээ. Харин түүний эх нь багш байв.

Дэлхийн II дайнд Япон улс ялагдал хүлээсний дараагаар эцэг нь Хятадаас дүрвэж, Япон арлын хойд хэсэгт суурьшин гүзээлзгэнэ тариалж эхэлжээ. Эцэг нь угаас хөдөлмөрч хичээнгүй хүн байсан тул шаргуу хөдөлмөрийнхөө ачаар нутгийнхаа хоршооны тэргүүн, тэр ч байтугай орон нутгийн орлогч даргыг албыг хашсан байна. Эцэг Сүга Васабүро нь 2010 онд 93 насандаа таалал төгссөний дараагаар Эзэн хааны “Мандах Наран” одонгоор шагнасан байдаг.

Сүга нь бага, дунд сургууль төгссөнийхөө дараа гэрээс нь 2 цаг гаруй явах зайтай хамгийн ойр байрлах ахлах сургуульд элсэн оржээ. Тэрбээр хичээл сурлагандаа тийм ч мундаг сурагч байсангүй. Эгчийнхээ сурч байсан Хоккайдогийн Боловсролын Их Сургуульд элсэн орох шалгалт өгсөн ч тэнцээгүй аж.

Эцэг нь түүнийг Хөдөө Аж Ахуйн сургуульд элсэн суралцахыг зөвлөсөн ч тэрбээр татгалзаж, ахлах сургуулиа төгссөний дараа Токио хотод шилжин иржээ.

“Токиод очвол бүх зүйл өөрчлөгдөнө” гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөөр  шилжин ирсэн аж. Гэсэн ч, нөхцөл байдал Акитад байсантай нь адилхан байв. Ингээд Токиогийн Итабаши дүүрэгт цаасан хайрцагны үйлдвэрт ажиллах болов. Төд удалгүй, амьдралын хүнд хөтүү байдлыг ухамсарлаж хоёрхон сарын дараа ажлаасаа гарсан байна.

Ингээд үүний дараа тэрбээр их сургуульд элсэн орох хүсэл эрмэлзэлтэй болж, өглөө нь Цүкүжи зах дээр ажиллах болов. Харин үдэш орой нь Шинжүкү дүүрэгт хоолны газарт ажиллаж байв. Ингэж явсаар Токиод ирснээсээ хоёр жилийн дараа “Хоосэй” гэх хуулийн чиглэлийн их сургуульд элсэн оржээ. Учир нь, “Хоосэй” Их Сургууль тухайн үед хамгийн хямд сургалтын төлбөртэй байсан байна.

Сурч байх хугацаандаа харуул хамгаалалтын ажилтан, сонин тараах ажил, мөн хоолны газарт цагийн ажил хийн сургалтын төлбөр болон өдөр тутмын ахуй амьдралд зарцуулах мөнгийг хураасан байна.

1973 онд улс төрийн шинжлэх ухааны дипломтой их сургуулиа төгссөний дараа хувийн компанид орж, ажлын гараагаа эхлүүлжээ. Сүга Ёшихидэ их сургуулиа төгссөн даруйдаа л улс төрд орсон гэхэд хилсдэхгүй. Эрх баригч намын гишүүдтэй танилцан нөхөрлөж, парламентын гишүүний туслахаар 11 жил тууштай ажиллаж, улмаар 1984 онд Японы Гадаад худалдаа, Аж Үйлдвэрийн Яаманд шилжин ажиллав.

1987 онд тэрбээр Японы хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг Ёкохама хотын хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж, бүр “Ёкохамагийн сүүдэр” болсон хотын дарга гэсэн хүндэтгэлтэй хоч нэрийг хүртэл авч байв.

1996 онд Сүга Ёшихидэ Либерал Ардчилсан Намын жагсаалтаар Японы парламентад сонгогдож чадсан юм.

84 дэх Ерөнхий сайд асан Обүчи Кэйзогийн бүлгийн гишүүн байсан боловч 1998 оны намын даргын сонгуульд Обүчиг нэр дэвшүүлэхийг дэмжихээс татгалзаж байсан учир гишүүнчлэлээсээ татгалзаж байсан удаатай.

2006 оны 9 дүгээр сараас 2007 оны 8 дугаар сар хүртэл Абэ Шинзогийн анхны кабинетад Дотоод Хэрэг, Харилцаа Холбооны сайдаар ажиллаж байв.

2012 оны 12 дугаар сарын 26-наас Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Энэ албыг найман жил хаших хугацаандаа тэрбээр намын аппаратыг бүрэн хяналтандаа авч, Засгийн газрын үйл ажиллагааны гол зохицуулагчий үүрэг гүйцэтгэж байжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэрбээр Японы улс төрийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өдөрт хоёр ч удаа хийдэг байсан аж.

Японы одоогийн буюу 125 дахь эзэн хаан Акихито хаан ширээнээсээ албан ёсоор бууж өөрийн ууган хүү хунтайж Нарүхитод хаан ширээгээ өвлүүлэн өгч Японы он тоолол солигдох өмчийг Сүга Ёшихидэ зарлан тунхаглах хүндтэй үүргийг хүлээж байв.

Японы шинэ Ерөнхий сайд спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягаар аж төрсөөр ирсэн нэгэн. Ажлын өдрүүдэд өглөөний таван цагт босч, өдөр бүр 100 удаагийн суух дасгал хийдэг аж. Тэрбээр ажил руугаа алхаж очдог, өглөөний цайндаа ногоо, жимс, тараг хэрэглэж хэвшсэн гэнэ.

Архи дарс хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй ажээ.

Сүга Ёшихидэ гэрлэсэн ба гурван хүүтэй. Өмнө нь Японы феминист үзэлтнүүд түүнийг хүйсээр ялгаварлан гадуурхах үэзлтэй гэж буруутгаж байсан удаатай. Түүнийг Японы милитаристуудын замналаар явж ирсэн гэж шүүмжилж байсан юм. Уг шүүмжлэлийн хариуд Сүга хэлэхдээ, “Хүн бүр гэрлэх эсхүл хүүхэдтэй болох эсэхээ өөрөө шийдэх учиртай. Харин Засгийн газар ард иргэдэд гэр бүл зохиож, үр хүүхэд өсгөх тэрхүү таатай нөхцөл бүрдсэн тийм л нийгмийг цогцлоохын төлөө хүчин зүтгэх ёстой” гэж байсан.

Ийнхүү Сүга Ёшихидэ 2020 оны 9 дүгээр сарын 14-нд Японы Либерал Ардчилсан Намын даргын албан тушаалд сонгогдож, Японы 64 дэх Ерөнхий сайдаар ажиллах болоод байгаа билээ.

Санал болох мэдээ