Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

Дональд Трамп эмнэлэгийн үүдэнд дэмжигчдээ угтан мэндчилэв

“COVID-19” буюу коронавирусын халдвар авч эмчилгээ хийлгэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп богино хугацаагаар эмнэлгээс гарсан байна. Түүнийг хүлээж байсан олон олон дэмжигчдийг Трамп Ерөнхийлөгч хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн үүдэн дээр гарч ирэн мэндчилсэн үйл явдал болж өнгөрлөө.

Америкийн төрийн тэргүүн ийнхүү Вашингтон дахь Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн гадаа цугларсан олны өмнө албаны машинтай гарч ирсэн байна.

Трамп мэдээж амны хаалт зүүсэн байсан нь олны анхаарлыг татсан юм. Цагаан ордны тэргүүн олны өмнө гарч ирэхээсээ өмнө өөрийн “Твиттер” хуудсандаа бие нь сайжирч байгаагаа дурьдаад, ард түмэн өөрийг нь дэмжиж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр коронавирусын халдварын талаар хувийн туршлагаасаа олон зүйлийг сурч мэдсэнээ онцлоод:

“Энэ бол жинхэнэ бодит туршлага болж байна. Би одоо ойлгож авлаа. Маш сонирхолтой бөгөөд би та бүхэнтэй хуваалцах болно” – гэж Төрийн тэргүүн бодлоо илэрхийлэв.

“Би мэдээж хэрэг, намайг дэмжихээр эмнэлгийн гадаа цугларсан хүмүүст багахан “гэнэтийн бэлэг” барих болно” – гэж нэмж онцолсон юм.

Өнгөрснийг эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн Ухань хотод гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгааны анхны тохиолдлуудыг илрүүлснээр цар тахал эхэлсэн билээ.

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хятадын эрх баригчид үл мэдэгдэх уушгины хатгалгааны талаар анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-д мэдэгдэв.

Нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ-аас шинэ коронавирусын дэгдэлтийг олон нийтийн анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн онцгой үзэгдэл хэмээн хүлээн зөвшөөрсөн.

2020 оны 2 дугаар сарын 11-нд уг өвчнийг шинэ коронавирусын өвчин “COVID-19” хэмээн нэрлэх болсон.

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-аас өвчний тархалт нь цар тахалын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан билээ.

Санал болох мэдээ