Нийгэм Нийтлэл

Тугалхүүгийн Баасансүрэн: Зорилготой, зоригтой, тэмүүлэн урагшлагч хүнд замын саад бүхэн намсан налж байдаг хорвоогийн үнэн

ТУГАЛХҮҮГИЙН БААСАНСҮРЭН: (Уйгагүй хөдөлмөр уугуул авъяас билгийг торддог тухай товчилсхийн өгүүлэх нь).
“Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” гэх зэрэг уянгын туужис, олон арван өгүүллэг, “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” зэрэг роман туурвисан Тугалхүүгийн Баасансүрэнгийн зохиолчийнх нь тухайд гэлгүй, дан сэтгүүлзүйн дагнасан бүтээл нь л гэхэд, хамгийн багадаа гурван зуун тавь, жаран хуудастай хорь гаруй номонд нь багтсан, хэдэн зуун дурсамж, дурдатгал, найруулал, тэмдэглэл, аян замын тэмдэглэл, таталбар, зураглал, хөрөглөл, бодрол, эргэцүүлэл, эмзэглэл, сурвалжлага, ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, судалгааны өгүүлэл зэрэг өргөн хүрээтэй, бичсэн он, өгүүлэмж агууламжаараа эрс өөр олон бүтээл байдаг юм.
“Төрхөөрөө л бай, тийм нь, ийм нь сайхан юм гэж, тэрнийг, энэнийг дууриаж яана. Бичсэн бүтээсэн бүхэн чинь би тэр байсан шүү хэмээн өөрийг чинь л мөнхөлж өгүүлнэ” гэсэн үг бий. Хэдийгээр ахуйгаас ургаж, баримтаар баталгаажсан сэтгүүлзүй бүтээлүүд боловч, Тугалхүүгийн Баасансүрэн гэдэг бие хүний ухаанаас ундарч, ном зохиол болон бүтсэн учир зохиогчийн онцлогтой шууд холбоотой.
Тугалхүүгийн Баасансүрэн бол уран бүтээлийн эрэлд эрт гарсан, зам зуураа төөрч будлилгүй тууштай явсан, соргог сониуч, гараас нь урсах мэт уран бүтээл нь урамтай төрдөг гойдын онцлогтой сэтгүүлч. Арван таван наст капитан гэдэг шиг, мөн л төдий хэрийн насандаа, тэгэхдээ шалгуур шүүлтүүр өндөртэй, шат дамжлага олонтой тэр үед “Анхны пионерийн бүрээн дуу” гэдэг номоо гаргасныг нь л үүнтэй холбон хэлж болохоор.
1965 онд 7-р ангийн сурагч байхдаа тийнхүү номоо гаргасан нь зүгээр ч нэг тохиолдлын, аз болсон, аль эсвэл даалгавар биелүүлсэн урсгалын хэрэг биш байжээ.
Сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга тэрбээр аж ахуйн агуулахад ямар нэг юм авах гэж ороод, хүний гар ойрд хүрээгүй нэгэн буланд нь, дээрээс нь юмаар дараастай, энд тэндээ хонхойж ёнхойсон гуулин бүрээ хэвтэхийг хараад, нярав өвгөнөөс олон зүйл шалгааж асуусан гэдэг. Аль дээр үед л авчраад хаячихсан юм гэдэг, ямар түүхтэйг нь хэн мэдэх вэ гэхээс өөр хариу сонссонгүй.
Хөвгүүнд харин сониучирхах бодол зөндөөн төржээ.
Хэдэн онд, хэн гэдэг хүүхэд энэ бүрээг анх түрүүн үлээж зогсоо бол? Одоо хаана, ямаршуухан хүн явдаг бол гэх зэргээр бодол ургуулсаар ангийнхандаа ирээд ярьжээ. Тийнхүү Монголын пионерийн байгууллагын анхдагчдын эрэлд ангиараа гарчээ. Хичээл тарахыг тэсэн ядан хүлээсээр, эрлээ үргэлжлүүлсээр 1921 оны 5-р сарын 8-нд МПБ-д элсч байсан анхны 51 хүүхдээс бараг бүгдтэй нь уулзаж, үүх түүхийг нь яриулж, анхны бөмбөрч, бүрээч, бүлгийн дарга, ханы сонин гээд анхны гэсэн бүхнээ олжээ.
Тугахүүгийн Баасансүрэн гэдэг энэ нэрний цаана зохиолчийнх ч хувьд, сэтгүүлчийнх ч хувьд, судлаачийнх ч хувьд, үнэнийг хэлдэг гэсэн итгэл, унших юмсан гэсэн хүслэн, уншаад сэтгэл ханах таашаал гүйцэлдэж байдаг нь бахтай. Тийнхүү уншигч олны итгэл даах дархлаагаа өөрөө тэрбээр тэмцэж байж, тэнцэж нэгэнтээ тогтоосон хүн.
Тугалхүүгийн Баасансүрэн гэх энэ нэрний цаана эзнийх нь эр зориг, үнэнийг илчлэн өгүүлэх гэсэн чин эрмэлзэл илэрч байдаг. Бүр дээр үед гэхэд, “Хар хорхой ба бөөн шоргоолж” гэдэг өгүүллэгээ гаргаж чадахгүй явсан түүх ч бий гэдэг.
Нэрт дипломатч, нэгэн цагт Уран зохиолчдын холбооны нарийн бичгийн даргын албыг хүртэл хашиж явсан Б.Жаргалсайхан гуай, “Алаг жарны бодрол” гэдэг дурсамжийн номондоо бичснээр бол, цаад наадхийг сайн мэдэхгүй, залуу насны хоосон зориг дүүрэн явахад нь, зохиолч С.Буяннэмэх өөрийг нь дуудаж уулзаад, “Чи элэглэсэн егөөдсөн юм бичдэг гэсэн байхаа. Элэглэх шоглох чинь уран зохиолын нэгэн хэлбэр мөн нь мөн. Гэхдээ түүнд бас учир бий. Уулыг шогловол даруулж мэднэ. Усыг шогловол живүүлж мэднэ” хэмээн хал үзэж, хашир суусан хүний хувьд зөвлөж байсан юм билээ. Тугалхүүгийн Баасансүрэнд ч хорь дөнгөж гарч байхад нь мөн л цагийн салхинаас өмгөөлөх хүн гарч, сэргэмжлүүлж байсан тухай дурсамж дурдатгалдаа өөрөө бичсэн байдаг юм.
“Төрийн түшээ гэж хэн бэ?”, “Бөмбөрцөг бөөрөнхий” зэрэг аль ч номыг нь уншиж байхад цаг үеийнхээ зөв бурууг шүүж тунгаасан, өндөр дээд албан тушаалын хүмүүсийн алдаа дутагдлыг нүүр харалгүй ил шууд нэр заан хэлсэн өгүүлэл нийтлэл олон л таардаг.
1974 онд “Үнэн” сонины сурвалжлагчаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлснээс хойш энэ хүн хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн чиглэлээс төдийлөн холдож байсангүй. Холдлоо ч үзэг цааснаасаа салж байсангүй.
Нийгмийн аливаа үйл явц, эрх мэдэл бүхий хувь хүмүүсийн сайн муу үйлдэл, өрнөж буй процесс болгонд сэтгэлийн хөдөлгөөн, амин хувийн өнгөц дүгнэлтээр бус, шүүж тунгааж, шүүрдэж цэвэрлэж, дүгнэнэ цэгнэж, боловсруулалт хийн тунгаах чадвар ямар хэмжээнд байдаг нь түүний сэтгүүл зүйн олон боть бүтээлийн хаанаас нь ч бол, хаанаас нь харагддаг юм.
Сэтгүүлчийн ур чадварыг шалгадаг зүйл бол бичсэн бүхэн яг таг, жин тан, гарцаагүй үнэн, амьдралаас зөрөөгүй хэрнээ уншигчийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж, цааш хөтлөн дагуулах увидастай байхад оршдог. Утга зохиолын өөр төрлийн бүтээл зохиолчийн уран сэтгэмжээр өрнөн бүтдэг бол, сэтгүүлзүйн төрөлд тэгж санаанаас зохиож хэзээ ч болдоггүй. Т.Баасансүрэнгийн “Хүн хөшөөний дууль”, “Дэлхийг эзлэх Япон төлөвлөгөө”, “Чингисийн Монголын онгон байгаль” зэрэг ямар ч бүтээлийг нь уншихад, дүүрэн баримт, цөөнгүй тоо, маш олон хүний нэр ус гардаг, зарим хүнд сонирхолгүй ч байж болохоор атал, тэр бүхэн зохиогчийн ур чадварын хүчээр сүлжин нийцэлдэж, уншигчийн сонирхлыг татах, цааш хөтлөн залах хөшүүрэг байсаар байдаг. Үүнийг л тун энгийнээр сэтгүүлчийн ур чадвар хэмээн тодорхойлж болно.
Сайн сэтгүүлчийн нэг онцлог бол, тууштай, туйлын хөдөлмөрч байх явдал. Түүнээс биш ямар ч авъяас билэг, мэдлэг чадвар, урлах эрдэмтэй байгаад цуцашгүй хөдөлмөрөөр эс тэтгэвээс нар үзээгүй цэцэг мэт болно. Тугалхүүгийн Баасансүрэн хэмээх энэ хүнийг хамгийн товчоор, шинжлэх ухаанч бишээр тодорхойл гэвэл, хэзээ ч, хаана ч үзэг цаас амрааж үзээгүй хүн гэж би л лав хамгийн түрүүн хэлнэ.
Гараас нь дараа дараалан гарч байгаа тэр олон ном бүтээлийг нь үзэж харсан ч, өнөөг хүртэл тасралтгүй хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудыг удирдаж, их дээд сургуульд багшилж, судалгаа шинжилгээ хийж, нөхдийнхөө ном бүтээлүүдийг хамгийн түрүүнд хүртээмжтэйгээр үзэж задлан шинжилж байгааг нь бодсон ч, энэ хүнд лав амрах хором бага гардаг байх гэхээр. Т.Баасансүрэн шиг ийм хүмүүс мэр сэр байдаг, гэхдээ тун цөөхөн таардаг, нэрлэ гэвэл, лав л Түдэв гуай, Цэнджав ах гэсхийгээд би л лав тулгамдах нь. Тэр бүхний цаана ажлын эмх цэгц, зохион байгуулалт, ачаалал даах чадвар гээд юу эс байгаа аж.
Сурагч ахуй насандаа анхны номоо хэвлүүлэн гаргаж, ямар мэргэжилтэй болох вэ гэсэн асуултанд шуудхан, зохиолч сэтгүүлч болно хэмээн хариулж явсан бяцхан хөвгүүн өнөөдөр тэр хэлснээрээ, улс орныхоо нэрд гарсан зохиолч, сэтгүүлч, судлаач, олны танил эрхэм нэгэн болжээ. Би тэгнэ ингэнэ гэж амлаж болдоггүй хорвоо гэдэг боловч, хэлсэн үгэндээ хүрсэн төдийгүй, өнөөдөр ч гэлээ хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, тэмцэл болсон ажил мэргэжлээ идэр залуу насных шигээ гялалзтал хийж явна. Арван хэдтэй хөвгүүн анхдагчдын эрэлд гарч байсан бол, өнөөдөр та өөрөө бас олон анхдагчдын нэгэн болжээ.
Ямар ч шалгуураар шалгаж, хэрийн шүүлтүүрээр шүүгээд үзсэн ч, Тугалхүүгийн Баасансүрэн гэдэг энэ нэр, манай сэтгүүлзүйн хоёр зууныг дамнасан, нэн ойрхи цагийн түүхэнд тун тодоор, их томоор бичигдэнэ.
Зорилготой, зоригтой, тэмүүлэн урагшлагч хүнд замын саад бүхэн намсан налж байдаг хорвоогийн үнэн бий гэдэг билээ.
До.Чулуунбаатар тэрлэв.
НОМЫН БЭЛЭГ –НАСНЫ БЭЛЭГ
Тугалхүүгийн Баасансүрэн
“Алтай” (туужууд) УБ. 2011 он, Улаанбаатар хот, 2013 он
“Домог мэт амьдрал”-ын
До.Чулуунбаатарт
Уран бүтээл тань булгийн ундарга мэт оргилон бадартугай! 2013. 3. 6.
“Наран, саран, дэлхий” (Дурсамж нийтлэл), Улаанбаатар, 2012
Дотно нөхөр До.Чулуунбаатартаа
“Наран, саран, дэлхий” тэргүүтэн ном номынхоо дээжсээс барив. Наран ивээж, саран тэтгэж, дэлхий түшиж, уран бүтээл тань ундарч явах болтугай. 2020. 3. 16

Санал болох мэдээ