Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ДОНАЛЬД ТРАМП: НАМАЙГ ЯЛАГДАЛД ХҮРГЭСЭН БУРУУТНЫГ ОЛЛОО

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

11 дүгээр сарын 21.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь ялагдалд хүргэсэн буруутнуудыг олсон гэдгээ мэдэгдлээ. Түүнийг ялагдахад Хэвлэл Мэдээллийн Хэрэгсэл (ХМХ)-ээс гадна эм үйлдвэрлэлийн томоохон компаниуд ч оролцож, үгсэн хуйвалдсан хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар “ТАСС” агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгч Трампын үзэж байгаагаар, өрсөлдөгчид нь түүний эсрэг олон сая америк долларын сурталчилгааны кампанит ажил өрнүүлж, коронавирусын вакцины туршилтыг амжилттай хийсэн мэдэгдлийг олон нийтэд зарлалгүйгээр санаатайгаар хойшлуулсан ажээ.

«Би ойролцоогоор 74 сая санал авсан. Томоохон эм үйлдвэрлэлийн компаниуд, Хэвлэл Мэдээллийн Хэрэгслийнхэн бас техник технологийн томоохон компаниуд бидний эсрэг ажиллажээ» — гэж Дональд Трамп мэдэгдлээ.

Түүний хэлснээр бол “Pfizer” (Пфайзер) эмийн үйлдвэрлэлийн компани нь  “COVID-19”-ийн эсрэг вакцинаа амжилттай туршиж үзсэн талаархи мэдээллээ сонгуулийн өмнө олон нийтэд санаатайгаар зарлаагүй. Тиймээс энэ хорон үйлдэл нь Трампыг сонгуульд ялагдал хүлээх магадлалыг нэмэгдүүлсэн гэв. Хэрэв вакцины туршилтын үр дүнг сонгуулийн өмнө зарласан байсан бол Трамп Ерөнхийлөгч сонгуульд ялалт байгуулах нь гарцаагүй байсан гэж байгаа юм.

Трампын Засаг захиргаа эмийн үнийг бууруулах бодлого баримтлан ажилласан учраас ийнхүү эм үйлдвэрлэгчид Бүгд найрамдахчуудаас “хариугаа авсан” хэрэг гэж харагдаж байгаа юм.

«Эм үйлдвэрлэгчид миний хэрэгжүүлж буй бодлогын улмаас вакцины туршилт амжилттай болсон мэдээллийг гацаахаар шийдсэн байна. Үнэндээ, миний хийж буй зүйл бол туйлын чухал зүйл шүү дээ. Хэн нэгэн үүнийг үнэлэх эсэхийг би мэдэхгүй байна» — гэж Ерөнхийлөгч Трамп ярьсан юм.

Мөн, хэвлэл мэдээллийнхэн яагаад Жо Байденыг ялсан хэмээн худал мэдээлэл тараагаад байгаа юм бэ?! 2020 оны сонгуулиар манай агуу Үндсэн хуулийг үнэхээр ноцтойгоор зөрчлөө. Өмнө нь хэзээ ч гарч байгаагүй тийм луйвар, хууль бус үйлдлүүд гарлаа – гэж нэмж мэдэгдлээ.

Өмнө нь, мэдээллийн «Рамблер» агентлагаас Дональд Трамп нь албан тушаалаа өрсөлдөгч Жо Байденд шилжүүлж өгөх явцыг зориудаар саатуулж байгаа гэж мэдээлж байсан. АНУ-ын сонгуулийг тойрсон энэ мэт маргаан үргэлжлээд даруй хоёр долоо хоног гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Америкийн ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслээр Жозеф Байденыг «АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч» гэж мэдэгдсэн хэвээр байна. Гэсэн ч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийг Үндсэн хуулийг зөрчсөн луйварын сонгууль боллоо гээд өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан хэмээн “гүрийж” тахимаа өгөхгүй байгаа юм.

Санал болох мэдээ