Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД ОХУ-ТАЙ ХИЛ ЗАЛГАА ХОТОД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

(Rambler. 7 цагийн өмнө) 11 дүгээр сарын 22.

Хятадын эрх баригчид “COVID-19” цар тахлын улмаас коронавирусын халдвар байж болзошгүй уушгины хатгалгаа илэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн тул ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар (Забайкальский край)-тай хил залгаа орших (Зүүн хойд Хятад) Өвөр Монголын Өөртөө Засах Районы Манжуур хотод хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Хятадын Төв телевизээс мэдээллээ.

Албан ёсны мэдээллээр бол Манжуур хотод коронавирусаас үүдэлтэй уушгины хатгалгааны хоёр ч тохиолдол илэрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хотод олон хүний бөөгнөрөл үүсгэх, тодруулж хэлбэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үзвэр үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгүүдийг бүрэн хааж хөл хорио тогтоожээ.

Түүнчлэн, эрх баригчид 172 мянга орчим хүн амтай Манжуур хотын бүх оршин суугчдыг коронавирусын шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа мэдэгдлээ.

Шуурхай штабаас мөн хүн ам олноор суурьшсан суурин газруудын зорчигч тээврийн төмөр замын харилцаа холбоог түр зогсоосон талаар “ТАСС” агентлаг мэдээллээ.

Хятадын Манжуур хот бол ОХУ, Хятад хоёр улсын хил дээр байрлах логистикийн хувьд чухал нөлөөтэй төв юм. Тэнд “Забайкальск (Өвөр Байгалийн хязгаар)- Манжуур” чиглэлийн ачаа тээврийн болон зорчигчдын хилийн боомт байрладаг.

Өнгөрсөн нэг хоногийн дотор Хятадын эрх баригчид коронавирусын халдвар авсан 17 шинэ тохиолдлыг илрүүлсэн. Тэдгээрийн 3 нь дотооддоо буюу 2 нь Манжуур хотод, 1 нь Шанхайд бүртгэгдсэн. Харин, үлдсэн 14 тохиолдол нь хилийн чанадаас ирсэн зорчигчдын дунд илэрсэн байна.

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “БРИКС”-ийн дээд хэмжээний видео хурлын үеэр Хятад улсыг  коронавирусын цар тахалтай амжилттай тэмцэж байгаа улс орны нэг мөн гэж сайшаасныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Путин цааш нь хэлэхдээ,  Оросын “Sputnik V” вакциныг Хятадад үйлдвэрлэх боломжтой гэдгийг мөн мэдэгдсэн юм. Үүний хариуд, Хятадын төр засгийн удирдлагууд “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд Хятад улс амжилттай тэмцэж байгааг сайшаан магтсан Ерөнхийлөгч Путины хэлсэн үгийг өндрөөр үнэлсэн байна.

Наймдугаар сард Ерөнхийлөгч Путин ОХУ коронавирусын эсрэг анхны вакциныг бүртгүүлсэн талаар мэдэгдэж, «Спутник V» гэж нэрлэх болсныг зарласан. Энэ нэршил нь 1957 онд хөөргөсөн анхны хиймэл дагуул «Спутник»-ийн нэр юм.

Мөн, аравдугаар сард Путин Новосибирскийн “Вектор” судалгааны төвд коронавирусын эсрэг хоёр дахь вакциныг гаргаж авсан талаар мэдэгдэж байсан. Түүнчлэн, удахгүй Чумаковын нэрэмжит Оросын Шинжлэх Ухааны Академи (ШУА)-иас коронавирусын 3 дахь вакциныг гаргана хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путин мэдэгдэхдээ, эмнэл зүйн туршилт судалгаагаар коронавирусын эсрэг оросын гаргасан бүх вакцинууд сайн үр дүн үзүүлсэн, аюулгүй гэдгийг мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ, цар тахалтай тэмцэхэд ОХУ дэлийн бусад улс орнуудтай хүчээ нэгтгэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын төрийн тэргүүн онцлов.

Түүний хэлснээр, олон арван улсаас ОХУ-ын вакциныг авах, мөн вакциныг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ аль хэдийнэ Москвад ирүүлсэн гэдгийг дурьдав.

Санал болох мэдээ