Нийгэм Нийтлэл

Нийт 6700 ажилтан, ажилчдын талаас илүү шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гараад байна.

Өнөөдөр өглөө ээлжийн ажилчид ажлаасаа буун “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд тусгайлан бэлдсэн орчинд коронавирусийн шинжилгээ өгч байна. 9 цагт ээлжийн ажилчид, ажлаасаа буун шинжилгээгээ өгөхөөр очиход сургуулийн гадаа 9 автобусыг байрлуулж, хоорондын зайгаа хүлээх явцдаа дулаахан орчинд, автобусандаа сууж байх боломжийг бүрдүүлжээ.
Түргэвчилсэн шинжилгээний хариу 15-25 минутын дотор гардаг. Хариуг нь цахимаар буюу гар утсанд нь мэссэж илгээн ажилчдад хүргэж байна.
Шинжилгээнд хамруулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр 901 хүн шинжилгээ өгч хариу нь бүгд сөрөг гарсан байна. Өчигдөр буюу хоёр дахь өдөр 2435 ажилчин шинжилгээ өгч хариу нь бүгд сөрөг гарлаа. Нийтдээ, хоёр хоногт 3336 ажилчин шинжилгээнд хамрагдаад байна.
Эрдэнэт үйлдвэр 6700 ажилчинтай, шинжилгээг маргаашийн дотор бүрэн авч дуусах боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.
“Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй. Цар тахалд өртөхөөс өөрийгөө маш сайн хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж, гадуур гарахгүй байх хэрэгтэй. Үйлдвэрийн ажилчид хүнд нөхцөлд ажилладаг тул энэ өдрүүдэд сайн унтаж амрах, сөрөг мэдээлэлд автахгүй байх, аз жаргалтай байх хэрэгтэй” гэж Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Г.Ганчимэг зөвлөмж хүргүүллээ.
Амралтын өдрүүдэд ээлжинд гарч ажилладаг ажилчдад 7 автобус хүрэлцээтэй байдаг боловч өнөөдөр 17 автобус шугаманд гарч байна. Энэ нь олноороо бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хийгдсэн бодит ажил юм.
“Эрдэнэт долгион” 107.1-уурхайчдын радио
А.Бямбамаа

 

Санал болох мэдээ