УЛС ТӨР

Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж Улаанбаатар хотод замбараагүй газар олгосон болон хот төлөвлөлтийн асуудал хэлэлцсэн байна. Энэ удаагийн хуралдаанаар “Найрамдал” төв, МУИС-ийн талбайд олгосон зөвшөөрлийг цуцлах, албадан буулгах ажлыг зохион байгуулахаар шийдвэр гарчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын даргатай зарим асуудлаар тодруулга авлаа.

  • Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал” төв, МУИС-ийн талбайд олгосон зөвшөөрлийг цуцлах, албадан буулгах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг та ахлахаар болжээ.
  • Тийм, бид цаашид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм. Төрийн тусгай хамгаалалтын газар болох Зайсанд аялал жуучлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууц барьсан байх жишээтэй.  Тиймээс Засгийн газраас төлөвлөгөөтэй, шат дараатай арга хэмжээ авахын тулд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн байдлаар цэгцлэхээр болсон” гэлээ.

-Хятадын компанид 50 га газар олгохоор болсон, Засгийн газар олгосон гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг цуцлах уу?

-Ямар нэгэн компанид 50 га газар олгосон зүйл байхгүй. Санал солилцож байсан зүйл бол байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. 50 га-тай холбоотой асуудал байхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй.

-Олгосон газраа төрд авлаа гэхэд дахиад нэг дарга зөвшөөрөл өгөхгүй байхад хэрхэн анхаарах вэ. Тэр газрын нэг даргын зөвшөөрлөөр л олгосон шүү дээ?

-Хаана хаанаа хяналттай, олон улсын нийтлэг жишгийн дагуу хөгжье гэж хэлмээр байна. МУИС-ийн газар МУИС-даа л байг. Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн хэвээрээ л байг. Тэнд заавал аж ахуйн нэгжүүд оролцох шаардлага байхгүй.

-Зөвшөөрөлгүй барилга барьсан, газар авсан асуудлын ард улстөрчид бий. Тэгэхээр Засгийн газар тэдэнтэй тэмцэж чадах уу. Мөн аж ахуй нэгжүүдийн хохирлыг яах вэ?

-Зөвшөөрөлгүй газар байшин барьсан компанид хохирол үүсэхгүй. Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Засгийн газрын хүч хүрэх үү гэж байна. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг цэгцлэх бол заавал хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарна. Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй байгаа. Үнэхээр зөвшөөрөлгүй барьсан бол буулгахаас өөр арга байхгүй.

-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Гэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж зарим сайт мэдээллээ. Энэ үнэн юм уу? 

-Хэлэлцэгдээгүй, ташаа мэдээлэл байна.

 

Санал болох мэдээ