УЛС ТӨР

Л.Болд: Бид хэдэн ч удаа тэмцэхэд бэлэн байна

“Шинэ” нам анхны хурлаа хийлээ

Л.Болд: Бид хэдэн ч удаа тэмцэхэд бэлэн байна

Ж.Батзандан: Сүүлийн 30 жил Монголыг харь сэтгэлтнүүд, харийн бодлогоор удирдсан.

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу Монголын отгон нам өнөөдөр Төрийн ордонд анхны хурлаа хийлээ. Энэ намын үүсгэн байгуулагчид нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар юм. Өнөөдрийн хуралд хот хөдөөгийн 999 шударга ёсыг эрхэмлэгч, шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэгч цуглан хуралдлаа гэдгийг хурлын эхэнд онцлон тэмдэглэсэн.  “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нь Үндэсний нам байх болно. Үндэсний эрх ашгийг, шударга ёсыг нэгдүгээрт тавьдаг Улс төрийн хүчин байх болно гэдгийг намын үүсгэн байгуулагчид хурлын үеэр хэлсэн үгэндээ мөн онцлон тэмдэглэсэн.

Өнөөдөр Монгол улсад намын тоо гүйцээгүй ч юм уу эсвэл намын тоо дутсандаа шинэ нам байгуулах шийдвэр гаргаагүй. Тэдний энэ тэмцэл өнгөрсөн өвөл МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл гэсэн 100 гаруй ТББ, иргэдийн нэгдлүүдийн хамтарсан тэмцлийн үр дүнд бий болж, Монголын ард түмний сонголт, Монголын ард түмний ялалт байх зорилготой гэдгийг ч мөн хэлсэн. Энэ намын онцлог нь анх удаа Монгол улсад хатуу гишүүнчлэлгүй, дэмжигч дээр суурилсан Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан, 30 жилийн турш Монголд улс төрийнхөө эрхийг хасуулсан төрийн албан хаагч нар, багш нар, эмч нар, цэрэг цагдаагийн албан хаагч  нар, оюутан сурагчид, ер нь хэн боловч өөрийнхөө улс төрийн сонголтыг илэрхийлж, Монголынхоо төр улсын үйл хэрэгт санал бодлоо нэмэрлэх цоо шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулж байна гэж ойлгож болох юм.

Шинэ улс төрийн хүчин дараах зүйлсийг Монгол улсад тогтоон шинэчлэнэ гэдгээ амлаад байна. Үүнд, Монголд шударга бус байдлыг зогсооно. Нэгдүгээрт, баялгийн шударга хуваарилалт, өөрөөр хэлбэл баялгийн хувьсал хийж, Монгол улсын иргэн бүр баялгийнхаа эзэн байх зорилгод хүрнэ. Хоёрдугаарт, Газрын хувьсгал. Иргэн бүр газрынхаа эзэн байх үндсэн хуулийнхаа шаардлагыг биелүүлж, Монгол улсад шударга ёс тогтох болно. Гуравдугаарт, Шударга ёсны хувьсгал хийж, шударга бусын хонгилыг бүр мөсөн нураана. Энэ улс төрийн хүчин Монголд шинэ эринийг эхлүүлэх их тэмцэл, ард түмнийхээ тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж, дуу хоолойгоо өргөх болно гэж намын бодлого зорилгоо тодорхойлжээ. Ингээд хурлын үеэр намын үүсгэн байгуулагчдын хэлсэн үгийг хүргэе.

Ж.БАТЗАНДАН УИХ-ын гишүүн:

Ж.Батзандан: Сүүлийн 30 жил Монголыг харь сэтгэлтнүүд, харийн бодлогоор удирдсан

– Монголын эх орончид, Монголын шударга мянга мянга иргэд Төрийнхөө ордонд яагаад хуран цуглах болов. Монголчууд өнгөрсөн 30 жилийн түүхэндээ дүгнэлт өгч байна. Монгол түмэн ирээдүйн 30 жилээ төлөвлөн тунгааж ярилцаж байна. Биднийг зөвхөн Монголд амьдарч байгаа 3 сая 300 мянган Монгол иргэн биш туурга нэгт ахан дүүс маань ч биднийг ажиглан харж байна. Өвөрмонголчууд, Буриад, Тува, Барга, Казахын ард түмэн маань Монголын шударга ард түмэн босож нэгдэж, Монголоо аврах цаг болсон гэж биднийг ажиглан харж байна.

Монголчууд 30 жилийн хугацаанд ямар төрт улсыг байгуулсан бэ гэж иргэд асууж байна. Агуу түүхтэй Монголын ард түмэн агуу байх ёстой гэж өвгөд минь бидэнд үргэлж сануулж байна. Үгийнхээ эхэнд би өвөг дээдсийнхээ захиасаас хэдхэн зүйлийг ишлэхийг хүсч байна. Олон зууны тэртээ Монголын газар нутаг дээр амьдарч байсан Түрэгийн Билгээ хаан “Түрэг улс яагаад мөхсөн тухай” гэрээслэл сургаалиа үлдээсэн байдаг. Хаад ноёд нь толгойгоо мэдэхээ байсан цагт, хатад эмс нь хормойгоо захирч чадахаа болисон цагт Түрэг улс мөхсөнийг үеийн үед санатугай хэмээн хадан дээр гэрээслэл үлдээжээ. Их эзэн Чингис хаан мөн үр хүүхдүүддээ нэгэн том гэрээслэл захиасыг үлдээснийг бид үргэлж санах ёстой. Үндэсний үзэлгүй төр- Үндэс угсаагаа үл хамгаалж чадмой, Үндэсний үзэлгүй төрийн хүн-Үндэс угсааныхаа төлөө тэмцэж үл чадмой хэмээн Чингис хаан тэртээ олон зуун жилийн өмнө хэлж байжээ.

Өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг бид дүгнэж үзэх хэрэгтэй. Монголын түүх бусад үндэстнүүдийн нэгэн адил өсөлт бууралт, уналт доройтол, босолт ялалтын түүх байсан. Монгол үндэстэн үндэсний үзлийнхээ хүчирхэг байсан цагт босч, Үндэстний үзэл, Үндэстний ухамсар доройтсон үед унан доройтож байсныг түүхийн шар хуудсанд гэрчилж байна.

Өнөөдөр, Бидний Монгол 1990 оноос хойш Ардчилал, Зах зээлийн эдийн засгаар явлаа хэмээн 30 жил бид нар амьдралаа цэгнэн ярьж, ирэх 30 жилийн амьдралаа ямар байх тухай ярилцахаар энэ танхимд хүрэлцэн ирсэн билээ. Би хэдхэн тоо баримтыг дурьдъя:

  • 30 жилийн дараа нэг хүнд ноогдох өрийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд тэргүүлж эхэллээ
  • 30 жилийн дараа авлига хулгайн индексээрээ дэлхийд айргийн тавд ордог орон боллоо
  • 30 жилийн дараа нэг хүнд ноогдох ДНБ болон баян хоосны ялгааг илтгэх коеффицентоороо Монгол улс Африкийн ядуу орны түвшинд хүрлээ.
  • Санхүүгийн мөлжлөг-Хөдөлмөрийн систем, Хөдөлмөрийн системийн мөлжлөг хэрээс хэтэрлээ
  • Монгол улсын банкны зээлийн дундаж хүү 30 жил дайн хийж байгаа Афганистанаас өндөр боллоо
  • Монгол улс жижиг дунд бизнес эрхлэх ямар ч боломжгүй улс орон гэдэг категорит орсон байна.

Дарга нар нь оффшорт нуусан хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, Сангийн сайд байсан хүн нь оффшорчдихсон, Ерөнхий сайд байсан хүн нь Америкт нуусан хаусныхаа тоогоор толгой цохиж байна. Ерөнхийлөгч асан нь уран зургийн цуглуулгаараа гайхуулж, зарим том сайд дарга нар нь стратегийн орд, банк цуглуулдгаараа бахархдаг орон боллоо.

Ард түмнийх нь 70% ядуу, авилгач  дарга нар нь таргалсан 30 жил байлаа. Үүнийг зогсоохын тулд бид энд хуран цуглаад байна.

Эрхэм журмын нөхөд өө, өнгөрсөн 30 жил бол Монголыг Монголчууд удирдсан 30 жил байгаагүй гэж би боддог юм аа. Гадаадын эрдэмтэн судлаачид ч хэлж байна. Танай орныг сүүлийн 30 жил ийм баян орныг ингэж ядуу болгож чаддаг хүмүүс бол Монголчууд биш байх аа. Монголчууд төрхтэй, харь сэтгэлтэй нөхдүүд Монголыг 30 жил удирджээ гэж гадаад дотоодынхон дүгнэж байна. Тиймээ, сүүлийн 30 жил Монголыг Монголын эх орончид удирдаагүй ээ, сүүлийн 30 жил Монголын үндэсний өв үзэл, үндэсний ухамсар, үндэсний бодлогоор удирдаагүй ээ. Сүүлийн 30 жил Монголыг харь сэтгэлтнүүд, харийн бодлогоор удирдсан. Үүнийг зогсоох цаг болсон гэж би бодож байна.

Л.БОЛД УИХ-ын гишүүн:

Л.Болд: ХЭЗЭЭ Ч, ХЭДЭН Ч УДАА БИД ДАХИН ТЭМЦЭХЭД БЭЛЭН

-Сүүлийн зургаан сар Монголчууд бидний хувьд маш их ухаарлыг төрүүлсэн. Урдах түүхээ бодсон, ирээдүйгээ бодсон ийм сайхан цаг үе байсан. Сүүлийн үед ялангуяа их асууж байна “За, та нар ингээд 40 хэмийн хүйтэнд дөрвөн цаг жагсаад, дөрвөн сар суулт өлсгөлөн зарлаад, их хурлын дарга, шүүгч, ппрокурор, авилгатай тэмцэх газрын дарга гээд дөрвөн том албан тушаалтныг өөрчлөөд, дөрөв, таван сар тэмцлээ”. Тэгээд юу өөрчлөгдсөн юм бэ?, энэ бүх юм юу авчирсан юм бэ” гэж биднээс байнга асууж байгаа. Би үүний хариуг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Магадгүй Монголчууд бид түүхийн том өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн гарахад дөрвөн сарын дараа асуух нь тухайн хүний хүмүүжлийн асуудал байх. Гэхдээ бидэнд хариулах юм бий. Энэ хугацаанд бид бүхэн баялгийн хувьсгалынхаа эхлэл суурийг тавьсан. Үүндээ баярлаж байгаа, энэ хувьсгал бол баялгийн хувьсгал. Монголчууд бид дэлхий дээр хамгийн баян 10 орны нэг. Гэтэл өнөөдөр Монгол түмэн дэлхий дээр харьцуулахад хамгийн ядуу 10 ард түмний нэг байгаа юм аа. Үүнийг өөрчлөх эхний эргэлт буцалтгүй шийдвэрүүд бидний энэ том тэмцлийн үр дүнд гарсанд бид бахархаж баярладаг юм. Та бүхэн мэдэж байгаа, энүүхэн богинохон хугацаанд Монгол улсыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил өлхөн тэжээчих Эрдэнэт үйлдвэрээ бид улсдаа, ард түмэндээ буцааж авсан юм. Монголросцветмед гэж Монголын олон ордыг багтаасан агуу их үйлдвэрээ ч буцааж авсан юм. Бид Салхит, Асгат, Тавантолгой, олон олон ордуудаа өнөөдөр Монголынхоо ард түмэндээ авч, ард түмний сайн сайхны төлөө энэ ордуудын үр ашгийг зарцуулах ийм сайхан эхлэлийг тавьсан юм. Энэ бол бидний хувьд том ялалт байсан юм шүү.

Хэрвээ надаас асуух юм бол, Зөвхөн Эрдэнэтээ авахын төлөө, ард түмэндээ буцааж авчрахын төлөө та дахиад энэ талбай дээр 40 хэмийн хүйтэнд 4 цаг жагсах уу? гэвэл “Би жагсана” гэж хэлнэ. Энэ бол бидний тэмцлийн бодитой үр дүн. Үүний төлөө хэзээ ч, хэдэн ч удаа бид дахин тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна.

Санал болох мэдээ