УЛС ТӨР

Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах уу?

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 25 жил өнгөрчээ.  2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан ч иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн ч гэж үздэг. Энэ ч утгаараа төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэх шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрлэгдсээр ирсэн юм.

Гэхдээ Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдөх шаардлагатай тулгардаг, Мөн Үндсэн хуулийг анх боловсруулагчдын бүрэн тооцоолж чадаагүй сорилтой тулгардаг учир өнгөрсөн хугацаанд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг УИХ-аас томилогдож хоёр жилийн хугацаанд шат дараатай санал асуулга, уулзалт, иргэдийн санал бодлыг авсан ажлуудыг зохион байгуулсан. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан ахлан зохион байгуулсан.

Ажлын хэсгээс явуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд:

– Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах

– Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах

– Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх

– Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох

– Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах гэсэн хэд хэдэн санадыг өгсөн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм.

Гэхдээ мэргэжлийн хуульч эсвэл зарим эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар ард иргэдээс санал авах нь тийм ч оновчтой биш гэдгийг хэлж байгаа. Учир нь нийгмийн байдал тогтворгүй, ард түмний амьдрал эрс тэс байгаа, мөн тэдний боловсролын түвшинг харгалзаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өдөр тутмын амьдралдаа дарагдсан, өнөө маргаашийн хоолоо бодож түүнийхээ төлөө ажиллаж байгаа хувь хүн Улсын хуулинд өөрчлөлт оруулах гээд уншиж судлах боломж бага, эцсийн байдлаар зөв сайн сонголт хийж санал өгөх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь ч нэг талаараа үнэн, гэвч одоо нэгэнт төсөл боловсруулагдсан учир бүх нийтийн хэлэлцүүлгээр явж батлагдах үлдэж байх шиг байна.

            Ингээд ҮНДСЭН ХУУЛЬ-д оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар товч мэдээлэл хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДӨРӨВНИЙ НЭГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАХ ЭРХТЭЙ БОЛНО

“Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулахаар, Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй байхаар, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн баталдаг байхаар, Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэдэг байх”-аар тусгажээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох юм байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй, гэхдээ Засгийн газрын гишүүнийг томилох эрхгүй байдаг. Энэ нь Ерөнхий сайдын кабинетийн төлөө хариуцлага хүлээхгүй болгож байна гэж үзжээ.            Үндсэн хуулийн зохицуулалтаар Улсын Их Хурал хүссэн үедээ сайдыг огцруулах санал гаргана. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.” гэж тусгажээ.

            Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлана.          Төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчны яам байхаар, түүнчлэн Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болохоор тусгажээ.

Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэх бөгөөд Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор, Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр мөн төсөлд тусгасан байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГСӨН ЗАРЛИГ ГАРГАХ ЭРХИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦНО 

“Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.” гэж төсөлд тусгажээ.

“Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар, төрийн алба хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох”-оор тус тус төсөлд тусгаад байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ХОТЫН ЗАСАГ ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛНО

            Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдахаар, хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор төсөлд тусгасан байна.

Мөн Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилохоор,  баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тус тус тусгажээ

            УИХ УЛСЫН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ЯВЦДАА ЗАСГИЙН ГАЗРЫН САНАЛ АВАЛГҮЙГЭЭР ЗАРДЛЫН ШИНЭ ТӨРӨЛ ҮҮСГЭХ, ЗАРЛАГА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО

“Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Улсын Их Хурал үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхээр, түүний тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”-оор тусгасан.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ 11 ГИШҮҮНТЭЙ БАЙНА

            Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилах, Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгох, энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилах зэрэг өөрчлөлтийг төсөлд тусгасан.

Гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг дөчин нас, хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг гучин нас болгоно

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвийн зохистой хэмжээнд байлгах, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг эрх мэдлийн хуваарилалттай болон хяналт хариуцлагатай холбоотой асуудлыг хэрэгжүүлэх боломжтой гэж албаныхан үзэж байна.

Энэ удаагийн өөрчлөлтийг хийхдээ алдах ёсгүй юм.  Ингэж байж Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, улам бэхжүүлж болох юм.

Санал болох мэдээ