Нийгэм Нийтлэл

Хотын дарга С.Амарсайханаас зам ашигласны татвараа нэхэмжилье

Ирэх сарын 15-наас тэгш сондгой дугаараар нь хотын төвөөр өдөр болгон ээлжилж явуулах шийдвэр гаргаснаа  холбогдох албаныхан олон нийтэд өчигдөр мэдэгдсэн. Ингэснээр автомашинтай хүмүүс нэг долоо хоногт 3 хоног, нэг долоо хоногт нь 4 өдөр хотын төв рүү орохын байна. Өнөөдрийн үнийн өсөлттэй нийгэмд дуртайдаа машин барьж гадуур тэнэдэг хүн ховор.  Гэтэл албаныхан ажил, амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийг  машин бүрийг харахад ганц, нэгхэн  хүн сууж, хотын төвөөр дэмий сэлгүүцэж, түгжрэл үүсгэж байна хэмээн илүү хардаж эхэлсэн. Иймдээ ч хотыг гурван бүсэд буюу А, Б, С бүсэд хувааж, А бүсэд зорчих машиныг зөвхөн албаны дарга нарын сэтгэлд нийцэх өнгө үзэмжээр ангилах болсноо зарлалаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнгө үзэмжээр нь ялгаварлан гадуурхаж, машины татвараа төлөөгүй, үзлэгт хамрагдаагүй машиныг зорчуулахааргүй болж байна. Мөн автомашиныг тэгш, сондгойгоор нь ялгаж А бүсэд зорчуулснаар А бүсийн хөдөлгөөний эрчим 50 хувь буурна гэж мэдэгдлээ. Хоёр болон түүнээс дээш машинтай болон төрийн номертэй машин унадаг хүмүүст энэ журам хүүхдийн тоглоом байж болно. Тэдний ажил амьдралд энэхүү шийдвэр харин ч эергээр тусч, түгжрэлгүй замаар өдөр бүр сүнгэнэх бол жирийн иргэдийн хувьд шоглоом болох нь гарцаагүй. Машин тэргээрээ үр хүүхдээ сургууль соёлд нь хүргэж, эмнэлэг домлог орж яваа хүмүүсийн хувьд энэ нь том асуудал. Зогсоол, нийтийн тээврийн асуудлаа шийдээгүй байж ийнхүү энгийн иргэдээ хотод амьдарсных нь төлөө золиосолж, шийтгэдэг хот манайхаас өөр олдох уу?

Хотод амьдрах нь шийтгэл үү?

Хотынхон болоод тээврийн цагдаагийн албаныхны үзэж байгаагаар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа автомашины тоог энэ мэт механик аргаар л аргамжлахгүй бол тун удахгүй тэг зогсолт хийх нь хэмээн мэдэгдэж байна. Жил бүр 30 мянган машин хасагддаг ч 80 мянган машин шинээр нэмэгддэг гэв.  Гэвч бусад улс оронд ч мөн энэ мэт түгжрэлийн асуудал бий. Тэд асуудлыг энгийн, иргэддээ ээлтэй байдлаар шийдвэрлэдэг. Тухайлбал,  нүхэн болон хоёр, гурван давхар авто зогсоолын тоог нэмэгдүүлж, тэдгээр нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Мөн үйлчилгээний бүх төвүүд үйлчлүүлэгчиддээ зориулан авто зогсоол бэлдэж, түүнийгээ үнэ төлбөргүй ашиглуулдаг байхад манай улсад дэлгүүр үйлчилгээний төвийн болоод  цаашид бүх нийтийн эзэмшлийн талбай үнэ төлбөртэйгээр автозогсоол болох гэж байна. Мөн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгсэд нэгдүгээр эгнээнд машинаа тавих байдлаар замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг. Тэгвэл бусад улсад энэ байдлыг ажиглаж, үйлчилгээний төвийн үүдэнд автомашин тавихгүй байхыг журмаар зохицуулж, харин нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмж, чанар, цэвэр цэмцгэр байдлыг хангаж, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сэдлийг нэмэх байдлаар түгжрэлийг шийдсэн байх юм. Манай улсад тэгвэл ирэх сарын 15-ны дотор нийтийн тээврийн  үйлчилгээг сайжруулж, чанар хүртээмжийг сайжруулна, хоёроос гурван минут тутамд бүх сүлжээ, чиглэлд автобус явна гэсэн баталгаа бий юу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн автобусны хэрэглээг дэмжиж дөнгөөгүй байж урьдаад зам ашигласны  татвараа төлдөг машинууудыг хязгаарлах нь хэр оновчтой шийдвэр вэ хотын даргаа. Үнэндээ иргэд жил машины моторын хэмжээнээс хамаарч зам ашигласны төлбөрт 20-70 мянган төгрөг төлж, жилд  429 мянган автомашин багадаа 9 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа. Энэхүү мөнгө  хотын аль замын засварт зориулагдсаныг хотын даргаас ам асууя. Шууд байдлаар татвараа төлдөг энгийн иргэдийн эрхэд халдаж байгаа хотын даргаас  татвараа төлөөд явж байгаа энгийн иргэд, жолооч нар татвараа нэхэмжилье.

Санал болох мэдээ