УЛС ТӨР

Энэ УИХ тарахгүй байх TАВАН шалтгаан

ШАЛТГААН-1. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж болохгүй

2016-2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болж төр барьж эхэлсэн. Тэд өнөөдөр өөрсдийн тулгыг нь тулж, туургыг нь тойруулж босгосон орд өргөөгөө буулгаж хураах юм ярьцгааж байна. Сонгогчдын итгэл гэдэг зүгээр нэг базаад салхинд шиддэг цагаан цаас биш. Хэрвээ МАН-ын 64 гишүүн ард түмний дэмжлэгтэйгээр өөрсдийн байгуулсан УИХ-аа тараачихвал нүдний булай болох нь тодорхой. МАН-ын 64 гишүүн 64 үүлээ соногчдоочоо УИХ-ыг чинь тараачихлаа гэж уучлал гуйнгаа санал гуйна гэдэг тийм амар ажил биш. Совесть гэж байдаг л юм бол өнөөгийн УИХ-ын гишүүд сонгогчдоосоо ичиж эмээх үүднээс УИХ-ыг тараахгүй байх нь төрд ч, түмэн олонд ч тустай гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь лавтай. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг хөргөвөл юунд хүргэхийг эрхэм төрийн түшээд бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз.

ШАЛТГААН-2. УИХ богино насжилттай байж болохгүй

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш томилогдсон Монгол Улсын Засгийн газруудыг дунджаар 1.8 жил насжилттай гэсэн албан ёсны судалгаа бий. Энэ 75 гишүүн тэнэг л биш бол УИХ-ыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд томилогдож л байдаг, огцорч л байдаг цаасан дэвүүр шиг Засгийн газартай адилхан хэврэг насжилттай болгохгүй нь тодорхой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал УИХ-ын бүрэн эрхийн хугацааг тав зургаан жил болгоё гэх санал санаачилга гарч байсан. Одоо дөрвөн жилээ ч гүйцээхгүй тарах тухай ярьж байна. Хэрвээ ийм жишиг тогтвол Монгол Улсад төрийн эрхийн төлөөх сонгууль хийх ч шаардлагагүй болох биз.

ШАЛТГААН-3. Хөхөө өвлөөр сонгуулийн ирц бүрдэхгүй

Одоо монгол орон даяар намрын ажил ид оволзож байна. Хэрвээ УИХ өнөө маргаашгүй тарлаа ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дараагийн УИХ бүрдтэл тодорхой хугацаа орно. За, энэ Их хурал тараад дараагийн УИХ-ын сонгууль боллоо гэж муугаар бодъё л доо. Дор хаяж л энэ оны арванхоёрдугаар сар, ирэх жилийн нэг, хоёрдугаар сар хүртэл УИХ-ын сонгууль болохгүй сунжрах хуулийн процесс үргэлжлэх ёстой. Зуны дэлгэр цагт хоёр том намынхан нь унаа тэргээр үнэ төлбөргүй ээлжилж ачиж зөөгөөд байхад жар гаруйхан хувьтай байдаг сонгуулийн ирцийг хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд тархай бутархай аж төрдөг хэнэггүй сонгогчид бүрдүүлж амжих билүү. Энэ бол энэ УИХ тарахгүй байх хамгийн бодитой үзүүлэлт.

ШАЛТГААН-4. Сөрөг хүчинд боломж болно

Хэрвээ УИХ тарлаа гэж бодоход “МАН засаглаж чаддаггүй” гэсэн гол логик дээр сөрөг хүчин тоглолт хийх нь хэн бүхэнд ил. Энэ бол Ардчилсан болон бусад намынхны бэлэн хоол болно. Өрсөлдөгчид нь өөрсдөө номхон тэмээ шиг өвдөглөөд өгөхөөр хэн л ноолж ноцохгүй шиг өнгөрөхийг бодох билээ. Чухам энэ хоржоонтой тоглолт МАН-ынхныг өөд нар харуулахгүй учраас “Ахиллын өсгий” гэдэг шиг энэ эмзэг байдлаа олонхиуд эрхбиш мэдэрсэн л байгаа. Тиймээс хоргодож буй УИХ-аа тарааж хаях сонирхол эрх баригчдад байхгүй гэсэн үг.

ШАЛТГААН-5. Хамгийн чадамжгүй, өөрөө тарсан парламентийн гишүүн болохыг хэн ч хүсэхгүй

УИХ-ыг тараахад гишүүдийн гуравны хоёр хувь буюу 52 гишүүн гарын үсэг зурж байж УИХ-ыг тараах санал хүчинтэй болж хэлэлцэгдэх учиртай. Гэтэл хамгийн чадамжгүй, өөрөө тарсан парламентийн гишүүн болохыг хэн ч хүсэхгүй учраас 52 гишүүн гарын үсэг зурж УИХ-аа тараана гэдэг худлаа. “УИХ-ыг тараах талаар дөч гаруй гишүүн гарын үсэг зурсан” гэж яригдаж буй ч энэ бол зүгээр л цуу яриа төдий гэдгийг зарим хүмүүс өгүүлж буй. Дөнгөж арваадхан гишүүн л гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл ч байгаа юм.

УИХ тарахгүй байх ийм бодит таван шалтгаан байна. Эрхэм гишүүд тэнэгтэж тойрог руугаа гүйгээд штабаа байгуулж бужигнуулаад байлгүй ирж ажлаа хий.

эх сурвалж: Мэдээ.мн

Санал болох мэдээ