Нийтлэл УЛС ТӨР

Уул уурхайн орлогоо 24 хувиар нэмсэн хэт өөдрөг төсвийн төсөл

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны улс орны хэтэвч хэр хэмжээтэй байх, хаанаас орлого олж юунд зарцуулахаар төлөвлөж байгаа  2020 оны төсвийн төслөө танилцуулсан. Энэхүү төсөлд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулснаа танилцуулсан. Тэгвэл  ирээдүйд олох орлогыг хэт өндөрт тавьсан нь ихээхэн эргэлзээ дагуулж байна. Тодруулбал уул уурхайгаас гэхэд 3,2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн нь бодит байдалтай нийцэхгүй байгааг гишүүд, эдийн засагчид шүүмжилж эхэлсэн.

Ирэх оны төсөөлж байгаагаар бид уул уурхайгаасаа одоогийн олж байгаа орлогоос 24 хувиар их ашиг олж, гурван их наяд төгрөг олно хэмээн таамаглажээ.

Гэвч ийнхүү өндрөөр таамаглан дэвшүүлэх нь ихээхэн хор хөнөөлтэй. Хэт өндрөөр үнэлсэн төсөөлөлдөө хүрэхгүй бол оны төгсгөлд хэрэгцээт салбараас нь хөрөнгө мөнгө өм цөм дутах, төсөл хөтөлбөрүүд хугацаандаа хэрэгжихгүй байх эрсдэлтэй. Бид үнэндээ уул уурхайн бүтээгдэхүүнээрээ ашиг олж байгаа ч үүнийгээ ганцхан улс руу экспортолж байгаа нь ихээхэн эрсдэлтэй. Ялангуяа нүүрсний зах зээлийн тухайд урд хөрш маань хэр зэрэг нүүрс хилээр нэвтрүүлэхээс бидний экспортын дүн шалтгаалж байгаа. Ийм нөхцөл байдалд одоогийн экспортонд гаргаснаас  15,7 хувиар нэмж , 42 саяд хүргэх нь үнэнээс зөрөөд байгаа юм.

Ийнхүү жилийн жилд гишүүд  ирэх оны төсвөө баталдаг ч төсвийн хяналт шалгалт, гүйцэтгэл талд нь хяналт шалгалт муу байгааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шүүмжилсэн. Иймдээ ч жилийн жилд тооцоолсон хөрөнгө нь дутсанаас баталсан төсөвтөө тодотгол хийдгээ болиод,  хэт өөдрөг  төсөөллөө болиод бодит байдлаар төсөвлөх хэрэгтэй байгаа юм.

 

 

 

Санал болох мэдээ